"Шилдэг Арга Туршлага 2025" өдөрлөгөө зохион байгууллаа

Бльюмон Групп үүсгэн байгуулагдсаны 25 жилийн түүхт ойгоо угтан 7 дахь жилдээ "Шилдэг Арга Туршлага 2025" өдөрлөг, хэлэлцүүлгээ Skywing Center-ийн Их танхимд амжилттай зохион байгууллаа.
Компанийн соёлыг бэхжүүлэх, мэдлэг, туршлага солилцох стратегийн чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээнд охин компаниуд болон брэндүүдийн төлөөлөл болсон 170 орчим удирдах түвшний албан хаагчид оролцсон юм.
Хэлэлцүүлгийн гол зорилго нь тухайн жилийн ажлын үр дүнг хэлэлцэж, хамт олноороо алдаанаасаа суралцаж, оноогоо бататгахад чиглэж, үндсэн хоёр чиглэлээр өрнөлөө. Үүнд:
-
Оноо: Юуг сайн хийж хэрэгжүүлэв, хэрхэн сайжруулав?
-
Сургамж: Юун дээр алдав? Түүнийгээ хэрхэн засаж сайжруулж, сургамж авав?
Хэлэлцсэн Сэдвүүдийг Дэлгэрүүлбэл
I. ОНОО (Амжилт ба Сайжруулалт)
Энэ хэсэгт брэнд тус бүр тухайн онд юуг сайн хийж хэрэгжүүлэв, хэрхэн сайжруулав гэдгээ танилцуулж, туршлагаа хуваалцав. Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүй сэдвүүдэд:
· Борлуулалт ба Маркетинг: Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний амжилттай нэвтрүүлэлт, борлуулалтыг нэмэгдүүлсэн шилдэг кампанит ажлууд.
· Үйл ажиллагааны Үр Ашиг: Процесс сайжруулах, зардал бууруулах, хүргэлтийн хурдыг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн амжилттай өөрчлөлтүүд.
· Хэрэглэгчийн Сэтгэл Ханамж: Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулахад оруулсан хувь нэмэр, гомдлыг шийдвэрлэсэн онцгой кейсүүд.
· Ажилтны Хөгжил ба Соёл: Ажилтны оролцоо, сэтгэл ханамжийг нэмэгдүүлсэн, шинээр нэвтрүүлсэн сургалтын болон дотоод соёлын санаачилгуудыг тус тус хэлэлцлээ.
II. СУРГАМЖ (Алдаа ба Зөвлөмж)
Энэ хэсэгт брэндүүд юун дээр алдав, түүнийгээ хэрхэн засаж сайжруулж, сургамж авсан тухайд хэлэлцүүлэг өрнөж, дараах сэдвүүд хөндөгдлөө. Үүнд:
· Төлөвлөгөө ба Гүйцэтгэл: Урьдчилан таамаглаагүй, төлөвлөгөөний алдаатай байсан үйл явдлууд, тэдгээрээс хэрхэн богино хугацаанд суралцаж, нөхцөл байдлыг эерэгээр өөрчилсөн тухай.
· Зах Зээлийн Өөрчлөлтөд Дасан Зохицох: Хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт, түүнийг дагасан дасан зохицох шинэ стратеги боловсруулсан туршлага.
· Дотоод Харилцаа ба Хамтын Ажиллагаа: Брэндүүд болон нэгжүүд хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцооны дутагдалтай талууд, түүнийг засах шийдлүүд.
Хэлэлцүүлгийн гол илтгэгч, Хүний нөөц удирдлагын газрын Захирал, Удирдлагын зөвлөлийн гишүүн Г.ТЭГШБҮРЭН Бльюмон-ийн хүний нөөцийн бодлого нь олон улсын шилдэг туршлагатай хэрхэн нийцэж, уялдуулж, хөгжүүлж байгаа тухайд дэлхийн шилдэг байгууллагуудын стратеги төлөвлөлтийн жишээнүүд дээр үндэслэн танилцуулсан. Тэрбээр, "Бидний оносон амжилт их, алдаа болгон нь сургамж авчирсан учраас бид алдаан дээр сурсан сургамжаа мөн 'оноо' хэмээн авч үздэг" хэмээн онцлоод энэ нь тус компанийн амжилтад тэмүүлэх, тасралтгүй сайжрах соёлын илрэл гэлээ.
Хэлэлцүүлэг дээр дэлхийн стандартыг эвдсэн хэд хэдэн онцгой амжилтууд танилцуулагдсан. Тухайлбал; "Шөлөндө" хоол үйлдвэрлэлийн брэнд нь технологийн маш олон өөрчлөлтүүдийг хийснээ танилцуулсан. Тэд үйл ажиллагаа, захиалгын системдээ автоматжуулалт нэвтрүүлснээр үйлчилгээний хурдыг 3 дахин өсгөсөн төдийгүй хоолыг ширээнд гарсны дараа ч халуунаар нь байлгах шинэ шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Мөн Pepper Lunch-ийн хамт олон нээлтээ хийснээсээ хойш ердөө 4 сарын дотор өдөрт дунджаар 734 зочин хүлээн авч, дэлхийн 551 салбараас хамгийн өндөр үзүүлэлттэй салбар болжээ. Мөн тэд Монголын Primeat брэндийн, олон улсын стандарт хангасан дотоодын махыг хэрэглэх болсноор тус сүлжээний түүхэнд анх удаа дотоодын мах ашиглах онцгой зөвшөөрлийг авч чаджээ.
Түүнчлэн "The North Face Mongolia" дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаа болон маркетинг Азийн бусад франчайз салбаруудад үлгэр жишээ болгон танилцуулагдах өндөр үнэлгээг брэндийн төвөөс авчээ.
Бидний хувьд үүсгэн байгуулагдсны 25 жилийн түүхт ой зөвхөн амжилтын баяр бус, ирээдүйн алсын хараагаа тодорхойлох чухал мөч юм.





