Соёлын довтолгоонд өртсөн Долоо хоног

2025/10/29

Даваа гаригт, Бльюмон (BlueMon) компанийн хүлээн авах дээр сууж байхад, цаг удаан өнгөрөх шиг санагдаагүй. Учир нь тэр нэг жигтэйхэн хөөрхөн, үргэлж инээмсэглэх хүлээн авахын охин надад зөвхөн кофе биш, харин энэ байгууллагын дулаан уур амьсгалыг 'дөхүүлж' өгч байлаа.

Бльюмон-д ажилд ороод би долоо дахь өдрөө үдэж байна. Энэ бол ажлын байрны тухай миний хэвшмэл ойлголтыг үндсээр нь өөрчилсөн долоо хоног байв. Үүднээсээ л Монгол хэв маяг, сонгодог хөгжим, гоозүйн мэдрэмжтэй энэ барилга намайг бүрэн татсан. Гэхдээ гаднах өнгө үзэмжээс ч илүү, дотор нь нуугдаж байсан 'Язгуур бодлого' намайг "балмагдуулав".

Соёлын Шок ба "Азны Кола"

Даваа гаргийн үдэд Хүний нөөцийн газрын захирал надаас гадна шинээр ажилд орсон долоон хүнийг цуглуулж сургалт хийв. Сургалтын дараа ажлаа хүлээн авах юм. Энэ сургалтыг би "Хувь хүний хөгжлийн хичээл" гээд нэрлэчихмээр санагдсан. Учир нь тэдний "Язгуур бодлого" гэх үндсэн бичиг баримт нь байгууллагын дүрэм журам сэлт биш, харин хувь хүн хэрхэн аз жаргалтай, сэтгэл тайван амьдрах вэ гэдэгт төвлөрсөн байв. Ойрд "inspiration" авахуйц олигтой зүйл сонсоогүй надад энэ сургалт "азны кола" болов. Бүр санхүүгээ зөв удирдах, хуримтлал үүсгэх тухай хүртэл зөвлөгөө өгч байсан нь гайхалтай. "Санхүүгийн асуудалтай хүний сэтгэл санаа хэзээ ч тайван байдаггүй" гэх түүний тайлбар нь үнэнд нийцнэ. "Энэ болно, тэр болохгүй" гэдэг байгууллагын үндсэн бодлого нь дүрэм, журам бус хувь хүний аз жаргалын төлөө төвлөрсөн байгаад анхны "соёлын шок" болов.

Өглөө сууж байхад дотор ажилладаг нэг эмгэгтэй ирээд оффисоо бүрэн дүүрэн танилцуулсан. (Дараа нь мэдэхэд Ерөнхий захирлын нарийн бичиг юм билээ.) Сургалтандаа суугаад гараад ирсний дараа Хүний нөөц маань оффисоо танилцуулъя гэхэд "тэгье" гээд л анх удаа үзэж байгаа хүн шиг дахиад оффисоор явав. Үнэндээ надад оффисынх нь зохион байгуулалт, эмх цэгц, хүмүүсийн байр байдал таалагдсан хэрэг л дээ. За ингээд туршилтын хугацааныхаа гэрээг хийчихээд цоо шинэ нөтбүүк гардаж авав. Урьдаас мэйл хаяг, дотоод программын бүх хаягийг нээгээд жигтэйхэн жин тан болгочихсон байв.

Би ажлын эхний энэ өдөр дээл өмсөж очсон. Учир нь Даваа гариг бүр дээл өмсдөг уламжлалтайг урьдаас мэдэж байлаа. Харин Лхавга гариг бүр ёслолын, гоёлын хувцас, Тав дахь өдөр чөлөөт хувцаслалт. Энэ соёл нь бүх хүмүүсийг өөдрөг, баяр хөөртэй байлгаж, сэтгэл санааг үнэхээр өргөдөг юм билээ. Гоё хувцасласан хүний өөртөө итгэх итгэл ямар их нэмэгддэг билээ дээ.

Энд нэг зүйлийг хэлэхээ орхигдуулсан байгаа нь "Бльюмон" барилгын үүдээр орж ирсэн анхны сэтгэгдэл. Өглөө үүдээр орж ирэхэд барилгын нэг давхарт монгол хэв маягтай дүрэм хувцастай хүлээн авахууд сайхан инээмсэглэж, хүн бүртэй мэндчилнэ. Үүднээсээ л ингэж хүлээн авахаар хамаг сэтгэл санаа тэнийгээд өөдрөг сайхан болчихож байгаа юм. Тэдний өгсөн урам зоригоор дээш гараад "энэ газрын ажлын ярилцлагыг сэтгэл өөдрөг өгсөндөө" гэж бас бодоод амжив. Энийг уншиж байгаа та хэрэв Бльюмоноор орж ирж байсан бол тэдний энэ сайхан дулаан уур амьсгалыг мэдэх байх. Угтах хэсгээс цаана шууд уран зургийн галерейг сонгодог хөгжим дор үзээд л, хоёр давхарын дугуй хэлбэртэй кофе шопын зохион байгуулалт, гурван давхарын элит мэдрэмж өгөх The Bull restaurant гээд л, ер нь энэ барилгад саатахад тун тав тухтай. Гадаадад байж байгаад ирсэн надад ийм таатай үйлчилгээг санагалзаж байсан гэдгээ гэнэт ухаарав.

Мөнгө Үрэх Арга Байна Уу?"

Ажлын хоёр дахь өдөр (Мягмар) өглөө 7-10 цагийн хооронд ажлын цагаа өөрсдөө сонгож ирдэг боломжийг ашиглан би 10 цагт очлоо. Ирээд шууд л нэг цагийн турш бясалгал хийв. Мягмар гариг бүр Mindfulness хичээлийг багш ирж, ордог аж. Үнэ төлбөргүй. Энд над шиг кофечин хүн төрөл бүрийн кофег яг л кафе шопынх шиг гаргадаг кофены машиныг дурдахгүй өнгөрч боломгүй. Дээр нь амттай, сайхан өдрийн хоол. Өглөө бүр 8-10 цагийн хооронд хамгийн дээд давхарт иогийн хичээл хүртэл ордог. Бас л бүгд үнэ төлбөргүй.

Өөрийгөө хөгжүүлэх, биеийн жингээ хэвийн байлгах, кофе, хоол гээд бүгдэд нь мөнгө зарцуулж ирсэн би жаахан гайхаастай. "Би өдөртөө мөнгө үрэх арга байна уу?" гэж ч хөгжилтэйгөөр бодогдох шиг. Энэ нь бас нэгэн соёлын шок болов. Миний хувьд энд хэмнэсэн мөнгөө өөрийнхөө цаашдын мэдлэгт зарцуулж, мөн хоосон байгаа байраа тохижуулахаар шийдсэн.

Үүнийг уншиж байгаа та нар цалин, урамшуулалын талаар сонирхох нь гарцаагүй. Мэдээж хэрэг хангамж сайн ч цалин муу бол тухайн хүний амьдралд дорвитой нөлөө үзүүлж чадах нь юу л бол. Эднийх зах зээлд зарлагдаж байгаа цалингаас хамгийн сайныг бүх ажлын байрандаа санал болгодог. Бльюмон-н харъяанд хоол үйлчилгээний салбарууд, бидний мэдэх Tse Pub, Шөлөндө, Sura солонгос ресторан, The Bull Hot Pot, Dessert 39, Pepper Lunch байдаг бөгөөд зарим нь гаднаа хамгийн өндөр цалинг санал болгож байна гэж тодоор, ил цагаан зарласан байх нь ч бий. Нэгэнт үйл ажиллагаанаас нь дуулгасных эднийх спортын дэлхийн алдарт Nike, Converse, Vans, Fila The North Face зэрэг брэндүүдийн албан ёсны төлөөлөгч, үл хөдлөхийн салбарт ч үйл ажиллагаа явуулдаг өргөн цар хүрээтэй юм билээ. Нийтдээ 1500 гаруй ажилтантай том бүл юм. Үндсэн ажилтан болсны дараа дээр дурдсан охин компаниудын бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд 5-20 хувийн хөнгөлөлтийг эдэлж, 13 дахь сарын цалин, 3 сард нэг удаа урамшуулал авч Бльюмон-н цалингийн картаараа ч бусад хөнгөлөлтүүдийг ч эдлэх боломжтой.

Бас нэгэн дотоод соёлынх нь хэсэг бол даваа гаригийн өглөөний цай. Нэг дэх өдөр бүр төв оффист ажилладаг 70 гаруй хүн ээлжилж, нэг хүн жилд нэг удаа бусдадаа өглөөний цай бэлдэж өгдөг. Энэхүү өглөөний цайны мөнгийг ажилтнуудын дундын фондноосоо гаргадаг. Хөргөгч бас байнга дүүрэн байдаг нь дундын фондноос гаргадаг учраас юм билээ. Харин дундын фондыг 10 цагаас хойш хоцорсон ажилтнуудын торгуулийн мөнгө бүрдүүлдэг. Өөрсдөөс нь авсан мөнгийг эргээд өөрсдөд нь зарж байгаа нь хүртэл нэг тийм таатай.

Бас нэгэн дулаахан, гайхмаар соёл бол удирдлагын нээлттэй байдал. Захирлууд тусдаа өрөөнд "данхайлгүй" энгийн ажилтнуудтайгаа хамт зааланд суудаг. Тэд "захирал" статусдаа ач холбогдол огт өгдөггүй, бүгдэд найрсаг, уриалгахан, албан тушаал хамааралгүй хүндэтгэлтэй хандана.

Мөн ажлын байранд эмх цэгц, хариуцлагыг суулгасан жижиг дүрмүүд бий. Ажилтан ажлаа тарахдаа ширээгээ цэгцлэх, өөрийнхөө аягыг угаагаад гал тогоонд үлдээх ёстой. Энэ нь ажлын орчныг цэвэр байлгахаас гадна, хувь хүнийг ч хандлагад сургаж байгаан харагдана.

Сонирхолтой нь өчигдөр эндээс 50-60 гэр бүл дотроосоо төрөн гарсан гэдгийг мэдэж авав. Үнэхээр өндөр тоо байгаа биз. Бүгд л аз жаргалтайгаар ажилдаа ирж, эерэг энергитэйгээр гэртээ харьдаг энэ газар намайг өдөр бүр гайхшруулсаар л байна. Товчхондоо, энэ долоо хоног миний хувьд зөвхөн ажилд орсон өдрүүд биш, харин ажил хийх соёл, аз жаргалтай байхад суралцсан долоо хоног байлаа. Харин танд энэ соёл ямар санагдаж байна?

2025.10.29-ний өдөр

Бльюмон Группийн ажилтан С.Баярмаа