Аравдугаар сарын 26-ны өдөр БльюМон Группийн “Шилдэг Арга Туршлага 2026” хуваалцах өдөрлөг найм дахь жилдээ зохион байгуулагдаж, группийн 149 удирдах албаны ажилтан оролцлоо. Өдөрлөгөөр бизнесийн үйл ажиллагааг сайжруулсан бодит туршлага, шинэ санаа, технологийн шийдлүүдийг танилцуулж, байгууллага хоорондын мэдлэг, туршлага солилцоог дэмжив.
Энэ удаагийн өдөрлөгөөр ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үйлчилгээний чанарыг тогтвортой хадгалах чиглэлээр хэрэгжүүлсэн туршлагуудаас онцоллоо.
Технологийн шийдлээр ажлын бүтээмжийг нэмэгдүүлэв
The Bull Hot Pot брэнд хүний нөөцийн бүртгэл, урамшууллын үйл явцыг дэмжих аппликэйшн нэвтрүүлсэн туршлагаа хуваалцлаа. Мөн бараа материалын бүртгэлийн программыг шинэчилснээр өмнө нь дөрвөн цаг зарцуулдаг байсан няравын ажлыг нэг цагт гүйцэтгэх боломж бүрдүүлжээ.
Худалдааны брэндүүд хиймэл оюун ухааныг өдөр тутмын ажилдаа нэвтрүүлж, үйл ажиллагааны зардлыг бууруулсан туршлагаа танилцуулав. Түүнчлэн хэрэглэгчидтэй харилцах, туршлагыг нь сайжруулахад чиглэсэн арга хэмжээ, эвентийн зохион байгуулалтын үр дүнтэй арга барилуудаас хуваалцлаа.
Нэгдсэн стандартаар үйлчилгээний чанарыг тогтвортой хадгалж байна
Сура солонгос хоолны ресторан үйлдвэрлэлийн чанар, бэлтгэл ажиллагааг нэг салбартаа төвлөрүүлэн бусад салбартаа түгээх болсноор нэгдсэн стандартад хөгжүүлж буйгаа танилцууллаа. Мөн тогооч нарыг сургаж, дадлагажуулахад зориулсан сургалтын бичлэгүүдийг бэлтгэснээр мэдлэг, ур чадварыг салбаруудын хэмжээнд түгээх боломжийг бүрдүүлжээ.
Эдгээр туршлага нь өдөр тутмын ажлын үйл явцыг илүү үр ашигтай болгохоос гадна байгууллагын хэмжээнд хуримтлуулсан мэдлэг, туршлагыг системтэйгээр түгээж, тасралтгүй сайжруулалтыг дэмжиж буйгаараа онцлог юм.
Мэдлэг хуваалцах соёлоос хамтын хөгжилд
БльюМон Группийн хувьд мэдлэг, туршлагаа хуваалцах нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээ бус, байгууллагын хөгжил, хамтын ажиллагааг дэмжих соёлын нэг хэсэг юм. “Шилдэг Арга Туршлага” өдөрлөг нь баг, нэгжүүдийн хүрээнд бий болсон үр дүнтэй шийдлүүдийг бусдад түгээж, харилцан суралцах, ажлын арга барилаа тасралтгүй сайжруулах боломжийг бүрдүүлдэг.
Найм дахь жилдээ зохион байгуулагдсан энэ удаагийн өдөрлөгөөр хуваалцсан туршлага, дэвшүүлсэн санаа бүр цаашдын хөгжил, хамтын амжилтад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.








